“МОНГОЛ УЛСЫН НИСЭХИЙН ЭРЭН ХАЙХ, АВРАН ТУСЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АНХДУГААР БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ СУРГУУЛИЛТ” /NATIONAL SAREX/ БУЛГАН АЙМАГТ ЗОХОН БАЙГУУЛАГДЛАА.

Зам тээврийн хөгжлийн сайд, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын баталсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд голлон оролцогч байгууллагуудын төлөөллийг хамруулсан Иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны дотоодын сургуулилтыг анх удаа орон нутагт зохион байгуулсан. Булган аймгийг сонгосон шалтгаан нь олон улсын агаарын замын гол цэгт байрладаг, баруун аймгуудын дотоодын нислэг мөн голдуу Булган аймгаар дамжин өнгөрдөг юм.

Манай улс ОХУ-ын нисэхийн эрэн хайх, авран туслах албадтай хамтран хоёр жилд нэг удаа энэ чиглэлийн дасгал сургуулилтыг хийдэг бөгөөд хоёр талын 6 дахь удаагийн хамтарсан сургуулилт ирэх жил манай улсад болох юм. Тиймээс энэхүү олон улсын хамтарсан сургуулилтын өмнө нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд голлон оролцогч байгууллагууд нисэхийн эрэн хайх болзошгүй асуудал үүссэн үед хэрхэн ажиллах хамтын ажиллагааныхаа бэлэн байдлыг шалгахаар энэхүү дасгал сургуулилтыг хийж байна. Мөн анх удаагаа зохион байгуулж буй дотоодын сургуулилтыг зориудаар цаг хүндэрсэн үед хэрхэн ажиллах талаар бодит байдалд ойртуулж, хамтран ажиллах байгууллагуудын бэлтгэл ажил, мөн хамтын ажиллагааны уялдаа холбоо хэрхэн хангагдаж байгааг шалгаж буйгаараа онцлогтой юм.

Сургуулилтад нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд голлон оролцогч байгууллагууд болох ИНЕГ болон түүний харьяа байгууллагууд, ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, ЗХЖШ-ын Агаарын цэргийн ангийн Улсын нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны зориулалт бүхий Ми-171Е нисдэг тэрэгний нисгэх багийнхан гээд нийтдээ 60 гаруй хүний бие бүрэлдэхүүн оролцсон. Мөн Булган аймгийн Онцгой байдлын газар, Нисэх буудал, Аймгийн Засаг даргын Тамгын газар болон орон нутгийн Цагдаа, Тагнуулын төлөөлөгчид өөр өөрийн үүргийн дагуу тус сургуулилтад оролцсон. Түүнчлэн Булган нисэх буудалтай хамгийн ойр Мөрөн нисэх буудлын хамт олон ажиглагч болон дэмжин ажиллах чиглэлээр хамтран ажиллалаа.

scroll to top